Оргил Олон Улсын Сургууль 2025 оны хичээлийн жилийн хамгийн дулаахан, дурсамжтай үйл явдлуудын нэг болох 1-р ангийн сурагчдын “Үсэглэлийн баяр”-аа амжилттай зохион байгууллаа.
Та бүхэндээ Оргил сургуулийн Үүсгэн байгуулагч, захирал МУГБ Балсангийн НАРАНЦЭЦЭГийн мэндчилгээний үгийн хамт дурсамжит энэхүү өдрийн зургийн хамт хүргэж байна.
Эрхэм хүүхдүүд ээ, багш нар аа, эцэг эхчүүд ээ!
Өнөөдөр бидний сэтгэл догдлон хүлээдэг, хамгийн эрхэм, хамгийн гэгээлэг баярын нэгэн өдөр тохиож байна. Манай 1-р ангийн бяцхан сурагчид гуравхан сарын өмнө үсэг бүртэй болзож эхэлсэн бол өнөөдөр “Үгийн ертөнц” рүү орох анхны хаалгаа нээж байна.
Эрхэм хүүхдүүд минь, та бүгдийн инээмсэглэл, асуух дуртай нүд, сурах гэсэн хүсэл тэмүүлэл энэ сургуулийг өдөр бүр гэрэлтэй, дулаан байлгаж байдаг. Та нарын минь сурах гэж хичээж байгаа үнэнч зан, инээмсэглэл, хоорондоо нөмөр түшиг болдог түшигтэй сэтгэл энэ сургуулийн хамгийн том баяр, хамгийн үнэт эрдэнэ юм.
Өнөөдөр та нар зөвхөн үсэг мэддэг болсон биш, харин өөртөө итгэх итгэлийн эхний алхмаа хийсэн бахархам өдөр тохиож байна. Та нарын энэ жижиг мэт боловч үнэ цэнтэй алхам ирээдүйн том мөрөөдлүүдийн чинь бат бөх суурь болно гэдэгт би итгэдэг.
Багш нартаа баярлалаа. Та бүхэн минь хүүхэд бүрийн сэтгэлд гэрэл асааж, тэвчээр, хайр халамж, зүрх сэтгэлээ өгч, хүүхэд бүрийн жижиг ялалтад баярлаж, зогсолтгүй урам өгч, тэвчээр, зүрх сэтгэлээ зориулж байдаг.
Энэ баярын ард багш нарын минь хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл, ур чадвар, уйгагүй хөдөлмөр бий шүү.
Ээж аав, асран хамгаалагчиддаа баярлалаа. Та бүхний дэмжлэг, хүүхэд бүртээ өгдөг урам, хайрын халуун дулаан итгэл сэтгэл энэ сургуульд үргэлж мэдрэгдэж байдаг.
1-р ангийн бяцхан сурагчид минь, та нартаа хамгийн том баяр хүргэе! Өнөөдөр та нарын өдөр, та нарын баяр. Өсөж, хөгжиж, мөрөөдөлдөө улам ойртож явах замд чинь бид үргэлж хамт байх болно.
Ирээдүйд та нарын хэн нь зохиолч болох бол?
Хэн нь эрдэмтэн, эмч, инженер, эсвэл багш болох бол?
Хэн ч болсон, та нар минь үсгээс эхэлсэн энэ аялалын завь нь Оргил ОУ-ын сургууль юм.
Харин хамгийн гол нь…
1-р ангийн бяцхан сурагчид минь, та нар бол энэ сургуулийн ирээдүйн гэрэл.
Та нар ингэж л эхэлж байна. Маргааш та нар шинэ өгүүлбэр зохионо. Дараа нь өөрийн түүхээ бичнэ. Тэгээд нэг мэдэхэд та нарын мөрөөдөл бодит болно.
Өнөөдөр эхэлсэн үсгийн аялал
Өдөр бүр шинэ гайхамшигийг нэмнэ ээ,
Өөртөө итгэх итгэл бол хамгийн том баялаг,
Өнгөрөх тусмаа олсон эрдэм мэдлэг та нарыг минь улам илүүгээр гэрэлтүүлнэ ээ.
Та нараараа бид үргэлж бахархах болноо~









