“Оргил” сургууль дэлхийн түвшний Кембрижийн бага болон суурь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Оргил” сургууль дэлхийн түвшний Кембрижийн бага болон суурь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Оргил” сургууль Кембрижийн Олон Улсын Боловсролын Байгууллагаас (Cambridge) албан ёсны зөвшөөрөл авч, 5-14 насны сурагчдад зориулсан Кембрижийн бага болон суурь боловсролын анхан шатны хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо.

Кембрижийн бага, суурь боловсролын хөтөлбөр нь дэлхийн 120 гаруй орны 2,500 гаруй сургуульд хэрэгжиж буй олон улсын боловсролын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад анхан шатнаас нь эхлэн бат бөх мэдлэг, чадвар, ойлголтыг эзэмшүүлэхээс гадна Англи хэл, Математик, Байгалийн ухаан зэрэг 11 хичээлээс сонгон суралцах боломжийг олгодог. Мөн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар, хувь хүний хөгжилд онцгой ач холбогдол өгдөгөөрөө онцлогтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд багш нар сурагчдын давуу болон болон сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлох үнэлгээний системийг ашиглаж, сургалтын явцад нь ахиц дэвшлийг хянах боломжтой байдаг.

Кембрижийн бага, суурь боловсролын анхан шатны хөтөлбөр нь 3-19 насны сурагчдад зориулсан Кембрижийн шаталсан сургалтын тогтолцооны нэг хэсэг бөгөөд шат бүр дараагийн түвшин рүү жигд шилжих нөхцөлийг бүрдүүлж, сурагчдыг хичээлээс гадуур болон ирээдүйд амжилттай суралцахад нь бэлтгэдэг.

Кембрижийн Олон Улсын Боловсролын Группийн Гүйцэтгэх Захирал Род Смит хэлэхдээ:
“Бид “Оргил” сургуулийг Кембрижийн бага болон суурь  боловсролын анхан шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй олон улсын сургуулиудын хамт олонд нэгдсэнд баяртай байна. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад танин мэдэхүйн гайхалтай аялал эхлүүлэх боломжийг олгож, тэднийг хичээл болон амьдралын бүхий л талбарт амжилттай байх суурийг тавьдаг.”

“Оргил” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш Наранцэцэг Балсан  сургуулийн албан ёсны эрхийг хүлээн авах ёслолын үед хэлэхдээ:
“Кембрижийн хөтөлбөрийг манай үндэсний хүчирхэг сургалтын хөтөлбөртэй хослуулснаар “Оргил” сургуулийн боловсролын чанарыг улам бүр сайжруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бий болгоно. Манай сургуулийн 20 жилийн амжилттай туршлага, чанарын баталгааг олон улсад баталгаажуулан өргөжүүлж буйгаараа энэ үйл явдал  чухал ач холбогдолтой юм.” Одоогоор “Оргил” сургууль нь K-12 буюу бага, дунд, ахлах ангийн Кембрижийн сургалтын албан ёсны эрхтэй сургууль болох бүртгэлийн үйл явцыг үргэлжлүүлж байна. Мөн Кембрижийн Зүүн Азийн төвийн төлөөлөгчдийн дахин нэг удаагийн айлчлалыг хүлээн авч, Олон улсын IGCSE болон AS/A Level хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авах шатандаа явж байна.

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *