Оргил сургуулийн ЭМЧ мэдээлж байна…

Улаан бурхан нь морбилливирусийн халдвараар үүсгэгддэг, гоц халдварт өвчин юм. Халдварын эх уурхай нь халдвартай хүн бөгөөд улаан бурханы вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Халвартай 1 хүн 10-18 хүнд халдаадаг гэсэн тооцоолол бий. Хэрэв хүн амын 95%-с дээш дархлаажуулалттай байвал вирус тархах боломжгүй болдог. Уг өвчинд зөвхөн шинж тэмдгийн л эмчилгээ байдаг бөгөөд бага насныхан хүндрэх эрсдэлтэй байдаг бөгөөд гол урьдчилан сэргийлэлт дархлаажуулалт/вакцин/ юм.

Өвчлөл ихэвчлэн өвлийн сүүл хаврын эхэн үед дэгдэлт хэлбэрээр ихэсдэг. Монгол улсад 2026 оны 1 сарын 29 ны өдрийн байдлаар 10-14 насныханд өвчлөл хамгийн өндөр 5183 харин 0-4насныханд 3330 байна.

Шинж тэмдэг: Эрт үеийн шинж тэмдгүүд өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, нүд улайж, нулимс гоожих, амны салст дээр цагаан толбо гарах. Халдвар авснаас 7-18 хоногийн дараагаас биеэр тууралт гарч эхэлдэг. Ихэвчлэн нүүр, хүзүүгээр гарч эхлээд 3 хоногийн дотор гар, хөлөөр тархдаг. Улмаар 5-6 хоногийн дараагаас бүдгэрч, арилж эхэлдэг.

Ямар хүндрэл үүсэж болох вэ: Сохролт, энцефалит буюу тархины үрэвсэл ,хүнд зэргийн суулгалт, сонсгол алдах, уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын хүндрэлүүд болон нас баралт.

Урьдчилан сэргийлэлт: Бүх нийтийг хамарсан вакцин бол улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм.1970-аад оноос дэлхийн олон орон улаан бурханы эсрэг товлолт вакцинтай болсон бөгөөд Монгол улсад хүүхдүүдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакциныг 9 сартайд болон 2 настайд 2 тунгаар хийдэг. Вакцины 2 тунг хийлгэх нь өвчнөөс 97% сэргийлдэг.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 1 сарын 21-ны өдөр баталсан А/21 тушаалаар Улаанбурхан улаануудын өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 10-15насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна. 9 сар болон 2 настайд товлолт вакциндаа өмнө хамрагдаж байсан ч одоо дахин нэмэлт вакцин хийлгэн нийт 3 тунтай болсноор дэгдэлтийн үед дархлаа илүү сайн тогтож хамгаалалтыг илүү сайн бэхжүүлэх юм. ДЭМБ олон улсын удирдамжинд дэгдэлтийн үед нэмэлт вакцин хийлгэхийг заавал зөвлөдөг. Иймд эцэг эхчүүдээ өөрсдийгөө болон хайртай хүүхдүүдээ хамгаалан нэмэлт вакциндаа хамрагдахыг уриалж байна.

Categories: News, post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *